Оюутан байхдаа ‘Хувь хүний хөгжил хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх нь’ сэдэвээр судалгаа хийж байсан юм. Тэр үед нэг багш маань ‘Хувь хүний хөгжил бол тухайн хүний л өөрийнх нь асуудал! Иймэрхүү зүйлд үйлдвэр аж ахуйн байгууллага эсвэл бүр цаашлаад улс оролцоод байх ямар ч шаардлага байхгүй. Ингэлээ гээд ашигтай ч биш!’ гэж ирээд тохуурхан ярьж билээ. Магадгүй зөвхөн зоосны нүхээр хараад дүгнэхэд тийм л байсан байх.

Харин өнөөдөр бүтэн 15 орчим жилийн дараа нийгэм маань хувь хүний хөгжил болон иргэний боловсрол гэдэг зүйл ямар ач холбогдолтойг харж байна. Банк санхүүгийн байгууллагууд маань хүртэл иргэдийн санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийж эхэллээ, боловсролын яам маань хувь хүний санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд бүрэн дунд бодовсролын хүрээнд бие даасан хичээл хэлбэрээр хэрхэн тусгах талаар ярьж байна.

Өнөөдөр бидний дунд Hot Topic болж байгаа ярианы нэг бол ЗЭЭЛ!

Бидний санхүүгийн хэрэгцээ нийлүүлэгч талд онцгой боломжуудыг бий болгож байдаг. Хоол хүнс, хувцас хэрэглэл, орон байр, сургууль боловсрол, машин унаа, аялал зугаалга болон хичнээн хүүхэдтэй болох вэ гэх мэт шийдвэрүүд маань хүртэл бидний санхүүгийн хэрэгцээг тодорхойлох хүчин зүйлст тооцогддог. Санхүүгийн хэрэгцээ хэзээ ч дуусдаггүй. Харин хувь хүн өөрийн санхүүгийн хэрэгцээ болон түүнийг хангах эх үүсвэрүүдийг сайтар ойлгож, зохицуулж сурах нь маш чухал! Банк санхүүгийн байгууллагуудаас санал болгож байгаа зээлийн төрлүүд бол бидний хэрэгцээгээ хангах арга замуудын зөвхөн нэг хэлбэр. Гэхдээ буруу менежмент хийвэл бидний санхүүг сүйрүүлж чадах үр нөлөөтэй арга зам! Санхүүгийн менежмент гэсэн ойлголт нь өөрөө байгууллага аж ахуйн нэгжид л хамааралтай ойлголт биш юм. Хувь хүн өөрийн гэсэн санхүүгийн менежменттэй байх ёстой! Мэдсэн ч мэдээгүй ч бид санхүүгийн олон олон шийдвэрүүдийг өдөр тутамдаа гаргаж байдаг. Тэр болгон маань бидний хувь хүний санхүүгийн менежментийн бодлогыг тодорхойлох ба санхүүгийн хувьд ямар ч бодлогогүй байх, бүр цаашлаад нэг л буруу шийдвэрийг гаргах нь бидний амьдралын бүхий л хэсэгт шууд нөлөөлдөг.

Тэгвэл тэр санхүүгийн мэдлэгийг олж авахын тулд бид нар заавал их дээд сургууль болон мэргэжлийн сургалтанд хамрагдан давхар давхар зардал гаргах ямар ч шаардлагагүй. Өнөөдөр Голомт банкнаас авахуулаад олон санхүүгийн байгууллагууд үнэгүй зөвлөгөө өгч, сургалтуудыг системтэйгээр зохион байгуулж байна. Мөн зарим их дээд сургуулиудийн эдийн засаг бизнесийн тэнхим нь сургалт судалгааны төвтэй бөгөөд түүгээрээ дамжуулан үнэгүй сургалт зохион байгуулж байна.

Хичнээн гомдмоор сонсогдож байсан ч 15 жилийн өмнө тэр багшийн маань хэлж байсан үг үнэхээр үнэний ортой! Та өөрөө л шийдвэрээ гаргах хэрэгтэй! Хэрэв та хувь хүнийхээ хувьд санхүүгийнхээ мэдлэгийг дээшлүүлье гэж шийдэхгүй л бол таны ямар үнэтэй эсвэл нэр хүндтэй сургуулийн сургалтанд суусан нь огт хамаагүй.

Хэрэв та ‘Өнөөдөр зээлгүй хүн гэж хаана байна?’ гэж хэлээд өөрийгөө тайвшруулдаг хүмүүсийн нэг бол би танд нэг зүйлийг чангаар хэлэх гэсэн юм. ‘ЗЭЭЛ гэдэг бол ӨР гэсэн үгний гоё хувилбар нь!!’  Та өргүй амьдарч чадна! Нийгмээрээ, нийтээрээ санхүүгийн байгууллагуудаас хамааралтай амьдрах албагүй! Банкнаас зээлийн хүүгээ бууруулаач гэж шалах эрх бидэнд байхгүй боловч бид зээлээ төлж сурсанаараа, өргүй болсоноороо тэдгээр банк санхүүгийн байгууллагуудад эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг сануулж өгөх боломж нь бидэнд бий! Тэнд гарц бий! Энэ бүхэн нь бид өөрсдөө шийдвэр гаргахаас л эхэлнэ.

Би зээлтэй/өртэй хүн!

Та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичнэ үү

  • (нууцлагдмал байна!)